Зүрх үгүй

Satsuralla
Apr 26, 2023

--

Цус минь буцалсан ч
Цээж минь хөндий
Цугтаа инээсэн ч
Цааш хамт явахгүй.
Цоорхой сэтгэлийн сэтэрхий зайгаар
Цоо ширтэх чиний нүдийг
Тоос болсон бодлын нурмаараа
Тас цавчин хаалгаж орхино.
Одсон бүхний хойноос
Одоо харин бүү харамс.
Онцгой хүний дээд нь
Олоод ч ирэх юм бил үү.
Ирсэн нэгэн буцдаг
Эрээлжилсэн хорвоогийн энэ жамд
Итгэх нэгэн байдагт
Ээлжээ хүлээн би сууя.
Энэ бүхнийг таалж ууя.
Энэхэн сэтгэлээ барьж нууя.

пя болон по нарын хамтын бүтээл
2023.04.26

--

--